5.9. Төлөв хоорондох шилжилтийн хүснэгт

SRFF /SR Flip Flop/ нь SR=00 үед өмнөх төлөв 0 бол 0, 1 бол 1 байдаг төлөв хадгалах үйлдлийг гүйцэтгэнэ. Харин SR=01 үед өмнөх төлөв 0 ба 1 байхаас хамаарахгүйгээр дараах төлөв 0 болж өөрчлөгдөнө. SR=10 бол өмнөх төлөв 0 ба 1 байхаас хамаарахгүйгээр дараах төлөв 1 болж өөрчлөгдөх ба SR=11 байхад өмнө ямар төлөвт байснаас хамаарахгүйгээр дараах төлөв юу болж өөрчлөгдөх нь тодорхойгүй болдог тул хориотой гэж үздэг. Үүнийг төлвийн хүснэгтээр үзье.

Тэгвэл дараах төлөв өмнөх төлөв ба оролтоос хамаарч хэрхэн өөрчлөгдөж байгаа Булийн илэрхийллийг K-map ашиглан олъё.

Мөн өмнөх төлөв ба дараах төлөв хоорондоо хэрхэн шилжих нь оролтоос хэрхэн хамаарах хамаарлын хүснэгтийг төлвийн хүснэгтээс байгуулъя.

Дээрх хүснэгт нь төлвийн диаграмыг харуулна. Өөрөөр хэлбэл 0 төлөвт байхад оролт 00, 01 /товчоор 0х/ байвал 0 төлөвтөө хэвээр байна. Үүнийг мөн 0 төлөвт байхад төлөв хадгал эсвэл 0-ийг бич гэсэн команд өгвөл энэ төлөвтөө байна гэж ойлгоно. Харин 0 төлөвт байхад оролт 10 /1-ийг бич гэсэн команд/ байвал 1 төлөв рүү шилжинэ.
1 төлөвт байхад төлөв хадгал эсвэл 1-ийг бич гэсэн команд өгөх буюу оролт 00, 10 /товчоор х0/ байвал 1 төлөвтөө хэвээр байна. Харин 1 төлөвт байхад 0-ийг бич буюу оролт 01 байвал 0 төлөв рүү шилжинэ.
DFF /D Flip Flop/-ын D оролт идэвхжсэн тохиолдолд 1-ийг бичдэг, идэвхжээгүй тохиолдолд 0-ийг бичдэг. Үүнийг төлвийн хүснэгтээр харвал:

Эндээс дараах төлөв q*=D болохыг төлвийн хүснэгтээс шууд харж болно.
Төлвийн хүснэгтээс төлөв хоорондын шилжилт D оролтоос хэрхэн хамаарч байгааг төлвийн диаграм болон хүснэгтээр харж болно.

Өөрөөр хэлбэл DFF нь 0 төлөвт байхад нь 0-ийг бич гэвэл энэ төлөвтөө байсаар байна. Харин 0 төлөвт байх үед нь 1-ийг бич гэсэн команд өгвөл 1 төлөв рүү шилжинэ. 1 төлөвт байх үед 1-ийг бич гэсэн команд өгвөл 1 төлөвтөө хэвээр байна. Харин 1 төлөвт байхад нь 0-ийг бич гэсэн команд өгвөл 0 төлөвт шилжинэ.
JKFF /JK Flip Flop/-ын оролт JK=00 /төлөв хадгал/ үед өмнөх төлөв 0 бол 0, 1 бол 1 төлөвтөө хэвээр байна. Харин оролт JK=01 /0-ийг бич/ үед өмнөх төлөв ямар байснаас хамаарахгүй 0 төлөвт шилжинэ. Оролт JK=10 /1-ийг бич/ үед өмнөх төлөв ямар байснаас хамаарахгүй 1 төлөвт шилжинэ. Оролт JK=11 /инверс/ үед өмнөх төлөв 0 байсан бол 1, 1 байсан бол 0 төлөвт шилжинэ. Үүнийг төлвийн хүснэгтээр харвал:

Төлвийн хүснэгтээс дараах төлөв өмнөх төлөв ба оролтоос хамаарах Булийн илэрхийллийг K-map ашиглан олъё.

Төлвийн хүснэгтээс төлөв хоорондын шилжилт JK оролтоос хэрхэн хамаарч байгаа төлвийн диаграм болон хүснэгтээр харж болно.

Төлвийн диаграмаас JKFF нь 0 төлөвт байх үед төлөв хадгалах, 0-ийг бич гэсэн команд өгвөл /00 ба 01 буюу товчоор 0х/ 0 төлөвтөө хэвээр байна. 0 төлөвт байх үед нь 1-ийг бич эсвэл инверс хий гэсэн команд өгвөл /10 ба 11 буюу товчоор 1х/ 1 төлөв рүү шилжинэ. 1 төлөвт байх үед нь төлөв хадгалах, 1-ийг бич гэсэн команд өгвөл /00 ба 10 буюу товчоор х0/ 1 төлөвтөө хэвээр байх ба 1 төлөвт байх үед нь 0-ийг бич, инверс хий гэсэн командын /10 ба 11 буюу товчоор 1х/ аль нэгийг өгвөл 0 төлөв рүү шилжиж байгааг харж болно.
TFF /Toggle Flip Flop/-ын Т оролт идэвхжээгүй үед төлөв хадгалах ба Т оролтыг идэвхжүүлэхэд инверс үйлдлийг хийдэг. Үүнийг төлвийн хүснэгт ашиглан дараах байдлаар харуулж болно.

Төлвийн хүснэгтээс дараах төлөв бол өмнөх төлөв ба оролтын хооронд XOR үйлдлийг гүйцэтгэхэд гардаг болохыг харж болно. Өөрөөр хэлбэл q*=T XOR q болохыг харж болно.
Төлвийн хүснэгтээс төлөв хоорондох шилжилтийг төлвийн диаграм ба хүснэгтээр харж болно.

Төлвийн диаграмаас TFF нь 0 төлөвт байхад төлөв хадгал T=0 команд өгвөл 0 төлөвтөө байх ба 0 төлөвт байх үед нь инверс хий T=1 командыг өгвөл 1 төлөвт шилжинэ. 1 төлөвт байх үед төлөв хадгал T=0 команд өгвөл 1 төлөвтөө байх ба инверс хий T=1 командыг өгвөл 0 төлөв рүү шилждэг болохыг харж болно.
Ингээд эдгээр 4 флип флопын төлөв хоорондох шилжилт оролтоос хэрхэн хамаардаг болохыг харуулсан хүснэгтийг байгуулж болох ба энэ хүснэгтийг төлөв хоорондох шилжилтийн хүснэгт гэж нэрлэнэ.


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.